Хашир хүн гэж хаширсан хүнийг хэлнэ гэгчээр өнөөдөр ёстой алдаж байж ухаарсан Америкчуудын нэгэн сурууштай занг та бүхэнтэйгээ хуваалцах санаатай. Энэ нөхөдүүд чинь үр хүүхдүүдээ багаас нь цагийг чанад мөрдүүлж сургадаг юм байна хөөш. Бага ангиас нь эхлээд л дээд сургууль хүртэл бүх хичээл, даалгавар нь тодорхой хугацаатай, тогтсон дэдлайн (deadline-эцсийн хугацаа) гэгч айхтар зүйлтэй байх юм. Ах баагий анх сургуульд орчихоод нөгөө л Монголдоо сурч байсан шиг ээ, нөгөө л Оросоороо "аажуу уужуу, тэгэж байгаад болно биздээ, хугацаа нь хаа байсан юм, амархан юм байх шүү тэр өдөр нь л хийчих юм байна" гээд яваад байсан яг цаг нь тулаад ирсэн ёстой нусаа хацартаа наах гэгчийн хөгтэй зүйл болов.Манайхан чинь ер нь их наазгай хүмүүс юм байна шүү дээ. Бүгдээрээ ч тийм биш л дээ, ер нь ихэнхи нь гэсэн дээр юм байна. Мань мэт ч Монголд сурч байхдаа ёстой холион бантанг нь хутгадаг байжээ. Тэр дундаа БИ хэхэхэ. "Уул нь бол толгой нь гайгүй шүү дээ" гээд ах баагийг өхөөрдчихөөр байхгүй ээ нөгөөдөх нь бүүр давраад хичээл хунараа ч олигтой хийсэн юм байхгүй явж явж байгаад шалгалтын өмнө гэнэт ухаан орсон болтой үсээ зулгаагаад хоёр, гурван шөнө нойргүй суудаг байж билээ хэхэ. Заримдаа бүүр партидах гэж байгаа юм шиг бөөнөөрөө үсээ зулгааж суухыг нь яаана хаха.
Багш нар маань ч гэсэн яасан энэрэнгүй, зөөлөн байсан юм, даалгавар хийгээгүй ирэхэд бараг толгой илэх нь холгүй байдаг шүү. Зарим нь огт шалгадаг ч үгүй гэж байгаа. Тэгэхэд энд байна шүү дээ, багш нарынх нь хараа хурц, нэг даалгаварыг ч газарт гээхгүй дээ. Цаашлаад, хэрэв хугацаанаас нь хэтрүүлэх юм бол бараг хэтрүүлсэн хоног, цаг, минутаар нь дүнг нь хасдаг хэрцгий аргатай гээд боддоо. Пэээх, эхлээд тэр дэдлайн гэж зүйл чинь хадны мангаа байлаа шүү дээ, базарваань хумпад. Айсан мөртлөө, бодсоор байгаад нэг мэдэхэд DEADLINE!!! Ах баагий өмнөх шөнө нь нойргүй, туг тугаар үс. Нэмэр алгаа, нойргүй - үсгүйгийн ч гавъяа гарахгүй хоцорчихдог байж билээ.
Ганц дэдлайндаа ч биш юм шиг байгаа юм. Эндхийн нэг хичээл нь л гэхэд маш олон сэдэв, маш их материалыг агуулдаг болохоор тогтсон хугацаанд бага багаар, олон давтамжтай оюутан/сурагчиддаа хүргэх бодлогыг баримталдаг юм шиг ээ. Тиймдээ ч маний тэр үсээ зулгааж, нойргүй хонох шилдэг арга амжилтгүй болоод байна. Тэр их материалыг хэдхэн шөнө суугаад амжуулчихана гэсэн ойлголт миний оюун ухаанаас устаж үгүй болох дээрээ тулсан байгаа хэхэ.Тэрний оронд хичээлээ цагаар хазаарлаж бага багаар мэрэх нь хамгийн оновчтой арга юм байна шүү дээ хө. Ганц сургууль дээр ч гэлтгүй эндхийн бизнесийн ертөнцөд нь ч тэр, хувийн амьдралд нь ч тэр, гагцхүү энэ л хууль үйлчилж байна.
Америкчууд ухаантайдаа ч ийм өндөр хөгжилтэй болоогүй гэж би бодох боллоо. Харин аливаад бага багаар, тууштай ханддаг хандлага нь л ийм өндөрлөгт хүргэх гол хөшүүргэ нь болж өгсөн байх гэж бодоод байгаа. Амьдралдаа нэг хэвшүүлээд авах юм бол аливаад хэцүү юм байна гэж халшрахгүй, харин амархан юм байна гэж тууштай хандах хандлагыг төлөвшүүлдэг чухал ач холбогдолтой гэх үү дээ. Нэг мэдсэн юун сүрхий лекц шиг үг хэллэгтэй болоод явчиваа хахаха. За яадаг юм тээ?
Нээрээ л энэ аргын ачаар сүүлийн үед би хичээл хунар дээрээ нэг их түртэхээ байчихсан юм шиг болчихож хөөш. Нуруун дээрээс нэг их том ачаа аваад хаячихсан юм шиг хөнгөхөн, үе үехэн хөөрчих гээд байдаг болжээ би. Эцэст нь хэлэхэд: "Ааруулыг том томоор нь идэхээр хахана биздээ, тэгээд ч бас идсэн болохгүй, Харин булангаас нь мэрээд л явахаар амттай, тэгээд ч бас кайфтай байдагдаа". Үүнтэй нэгэн адил
Аливаа ажлыг хаааяаадаа том томоор ХАБ хийх БИШ, бага багаар нь БАЙНГА МЭРЭХ хамгийн оновчтой арга юм байна шүү!!!
Холбоотой бичлэгүүд:
Америкчуудаас суралцах зүйл их байна аа (3 хэсэг)
Америкчуудаас суралцах зүйл их байна аа (2 хэсэг)
Америкчуудаас суралцах зүйл их байна аа (1 хэсэг)
24 СЭТГЭГДЛҮҮД: