Thursday, March 27, 2008

Ёстой гоё ажил байна цаана чинь!!!

Сая блогчин андуудынхаа блогоор зочлоод явж байсан чинь Гэгээ-ний блог дээр естой сонирхол татсан мэдээлэл орсон байнаа. (Хэлэхгүй бол хэл загатнаад болдгүй)
Австралийн компанид Монголоосоо бүүр гэртээ сууж байгаад ажиллах боломж байна гэнээ. (Аутсорсинг хийдэг компани юм шиг ээ.) За энэ яахав гэхэд хамгийн сонирхол татаад байгаа зүйл бол шаардлагууд нь их энгийн юм байна. Манай залуучууд бол ихэнх нь хийчхээр юм шиг санагдлаа.
Жишээ нь ингэнээ:
1. Хурд сайтай, интернеттэй байнга холбоотой байх
2. MS Excel-н анхан шатны мэдлэгтэй байх

3. Дундаж түвшний англи хэлтэй байх (Интернэт хэрэглэж чаддаг байхад болно)
4. Монголд амьдардаг байх

Тэгээд байна шүү дээ цалин нь бас их боломжийн санагдлаа. Full time бол сардаа 450,000 төгрөг, Part time бол сардаа 250,000 төгрөг гэнээ. Бас цалингаа долоо хоног бүр тооцож байна гэнээ.
За би товчхон онцлох мэдээллийг нь энд бичлээ. Хэрэв та дэлгэрэнгүй мэдээлэл авахыг хүсвэл энд дарж уншаарай. Ааан тийм та үлдээсэн комментуудыг нь нэг бүрчлэн сайн уншаарай. Асуулт хариултууд байна лээ шүү.

Дашрамд хэлэхэд Монголчууддаа хэрэгтэй ийм сайхан мэдээлэл оруулсан гэгээн-ий хамт олонд талархалаа илэрхийлье! За Амжилт андуудаа!!!

Жич: Энэхүү мэдээллийн үнэн бодит эсэхийг мэдэхгүй байгаа болохоор ямар нэгэн
баталгаа гаргаж чадахгүй байнаа. Та бүхэн өөрсдөө ороод холбоо бариад сонирхоод үзээрэй!!!

Saturday, March 22, 2008

Сонин хачин

Нуруун дээрх ачаагаа бага ч гэсэн хөнгөлөөд сэтгэл санаа өөдрөг сайхан байна аа өнөөдөр. Уртаа гэгчийн амьсгаа авсан шээг, ийш тийшээгээ харж малийсан шээг, тэнгэр хангай бүүдгэр байх чинь бороо орох гэж байна уу даа гэсэн шээг додьгор явж байгаа юм бишүү би гуай. За яасан юу болов ? Аан хаврынхаа семестрийг цааш нь харуулчлаа. ахахахаха (бахдалтайн аргагүй инээв) Сүүлийн нэг долоо хоног ч естой алингаа алдатлаа дэвтэр ном эргүүллээ дээ. Сайндаа ч бишээ, цагт нь даалгавраа хийдгүйн ач гавъяагаа эдэлсэн минь тэр. Одоо ч чи тэгвэл гашуун сургамж аваа биздээ? Харин тэгсэн байхаа.(мушилзав) Ер нь байнашдээ би ганцаараа тэгэж хоцроогоод байсан уу гэхээр бас биш юмаа. Сураг сонсохнээ ангийн зарим нэг баагий нар сүүлийн хэд хоног нүүрээ угаах завгүй нуухаа авах тэнхэлгүй болтлоо суусан гэнэ шүү цаана чинь. хэхэхэ. Яагаад ингэх болов гэж ах хүү жаахан бодол бодов. Бодож бодож бодын шийр дөрөв, Явж явж багшийн арга барилтай холбоотой болж таарлаа. Нөгөө нутгийн минь багш нарын хэлдгээр цаг тухай бүрт шүүсийг нь шахаагүйгээс л тэр байх. Зайлуулдаа шинэхэн багш байна лээ дээ. Жаахан туршлага дутсан байхдаа хөөрхий.
За тэр багшийг шүүмжлэх яахав, Цэгмээ гуай чамд ч гэсэн дутагдал байгаа шүү!!!
Өнгөрсөн өвөл чи ямар сайн хүүхэд байлаа? Хоёр ажилтай хөл толгойгоо ялгахгүй болтлоо ажиллаж байхдаа дээрээс нь хичээл аваад яваад болоод л байдаг байсандаа. Тэр үеээ бодвол чи дэндүү их завтай байгаа шүү нөхөөр? Жаргал даадгүй моньд ш дээ энэ. (бухимдав)
хахахаха, нэг иймэрхүү бодол шүүмжлэлүүд л миний толгойд эргэлдээд байгаамдаа. Өөрийгөө эерэг сөрөг тал болгочоод л ярьж өгнө шүү дээ. Энэ толгойд их юм болноо гэж.
Сүүлд үзсэн кино
За тэр яахав, сониноос хичээлээ дуусгасных өөрийгөө урамшуулж бас нөгөө эерэг талдаа дольдогнож 10,000БС гэдэг нэг кино үзэв. Рекламнаас харахад овоо хөгжөөчихмөөр кино юм уу даа гэж бодсон бас нэг ч их сэтгэлд хүрсэнгүй. Яахав дунд зэргийн л юм билээ. Спец эффект багатай, Animation ихтэй, Яриа ихтэй , Аction багатай л кино юм уу даа гэж санагдсан.
Өөр чинь юу билээ? Аан тийм бас мэдээлэл.com дээр орсон байсан Дурласны маргааш гээд Монгол кино үзэв. Нээрээ манайхан естой түүхийгээрээ байна лээ дээ. Яагаад өөрсдөө санаа олоод зохиол бичиж болдоггүй юм болоо. Нэг америк киноны зохиолыг тэр чигээр нь хуулчихсан байна. Уг нь манай монголын урдаа барьдаг хэдэн залуу жүжигчид нь тоголсон байна лээ. За гэхдээ хийж байгаа нь их юмдаа. Түүхий ч байсан хамаагүй хийгээд байвал л юм сурна. Үзэгчдийнхээ сэтгэгдэл дээр дүн шинжилгээ хийгээд цаашдаа анхаараад ажилвал чанартай уран бүтээлүүд гарахгүй хаачих вэ.
Сүүлд сонсож байгаа дуу
За хө сүүлд чинь ямархуу дуунууд аялаад байгаа билээ гэж ? Аан тийм Жордан Cпаркс гэгч American Idol-ын тэргүүн магнайгийн дуунуудыг сонсож байгаа юм байна. Тэр дундаа No Air, Tattoo гээд 2 дуу нь их таалагдаад байгаа. Овоо чадалтай хоолойтой хүүхэд билээ. Дууг нь аялах тухайд бол би барахгүй юм билээ.Хааяа жаахан настртай байвал хальт дүнгэнэнэ гэжүга. Цаашаа байхгүй ээ. хэхэхэ
Монгол дуунаас гэвэл Бичүү - Ахиж би дурламааргүй байна гэдэг дууг сонсож байгаа. Энэ дууны ая нь их өвөрмөц стильтэй дажгүй юм билээ. Битгий л бас хуулсан байгаасай гэж залбирнам. Тэгсэн клип нь гэж бас л зодоон цохион, худал хуурмаг, гурвалжин дөрвөлжин л юм байна. Өөр юм зохиож болдоггүй юм байхдаа. Бас л аюултай хүмүүс шүү дээ.За ер нь миний сүүлд сонссон дуунууд бүгд дээр байгаа даа.
За ингээд бичлэгээ нэгэн сайхан уриагаар өндөрлөе дөө. Өнөөдөр яагаад ч юм нэг л үг эвлэж өгөхгүй байна. (Сүрхий бичдэг ч юм шиг хэхэхэ)

Бүгдээрээ аливаад бүтээлч сэтгэлгээтэй хандацгааяаа!!! Хүн дууриах биш харин өөрсдөө үлгэр дууриал болцгоое л доо!!!!

Wednesday, March 12, 2008

Блогчдын нэгдсэн сүлжээ

Миний блогоор тухлан саатаж байгаа танд энэ өдрийн амар амгаланг айлтгая!
Сая ажил дээрээ сууж байтал нэгэн санаа зурс хийн толгойд орж ирлээ. Энэхүү санаа маань блог хөтөлдөг Монголчуудад хамааралтай юм. Гэхдээ зочин та ч гэсэн энэ санаан дээр сэтгэгдлээ хуваалцаж, зөвлөгөө өгч болно шүү!
Блогчин андуудаа! Бүгдээрээ нэгдсэн нэг холбоотой болвол яасан юм бэ ? Холбоо гэхээр нэг их нүсэр сонсогдоод байж магадгүй. Зүгээр л эхний шатанд нэг Yahoo групптэй болвол яасан юм бэ? үн болгон дор хаяж нэг Yahoo ID-тай байдаг болохоор Yahoo-г сонголоо)Ингэж бодоод би нэг ийм mongolblog нэртэй групп нээчлээ. Хэрэв та Mонгол блогчдын группт нэгдэхийг хүсвэл энд дарж бүртгүүлээрэй. Бүртгүүлэхэд нэг их зүйл шаардагдагдаад байхгүй бүх хүмүүст нээлттэй байх болно.Хэрэв блогчид маань e-mail, messenger ID -раа холбогдоод авбал нэлээд олон давуу талуудтай байгаа юм. Заримаас нь дурдвал:
1. Блогтойгоо холбоотой шинэ содон мэдээ, мэдээлэл хоорондоо дамжуулах,
2. Зарим нэг асуудлаар санаа бодлоо солилцох,
3. Бие биентэйгээ дотно танилцах,
4. Шинэээр блог нээж байгаа болон блог сонирхогч залуустаа зөвлөгөө өгөх,
5. Уралдаан тэмцээн, Оны шилдэг блогчин шалгаруулах гэх мэт арга хэмжээнүүд албан есоор зохиох (Энэ санааг нэгэн блогчин анд (Ганбаа) гаргаж бас ч үгүй хэд хэдэн удаа шилдэг блогчинг шалгаруулж байсныг санаж байгаа байх)
6. Цаашлаад албан есны холбоо энэ тэр байгуулах талаараа ч ярьж болох юм шүү дээ.
Энэ санаа маань зүгээр ч нэг ороод ирсэн санаа биш юмаа. Би гэдэг хүн энэ блогчдын халуун тогоонд ороод нэг их удаагүй байгаа бөгөөд зав чөлөөнөөсөө шалтаалаад нэг их олон блогоор орж чаддаггүй юм. Тэгээд нэг зав гарахаар болж өгвөл бүгдэнгээр нь орчих санаатай байдагч цаг их ордог болохоор мэддэг хэдэн блогоороо ороод л таарах юм. Хараад байхнээ блогчид маань тус тусдаа өөр өөрийн гэсэн хүрээтэй (санаа нийлдэг гэх юм уу, эсвэл найзуудын, ажлын, мэргэжил нэгт гэх мэт хүрээтэй) тэгээд тэр тойрогтоо л эргэлдээд байгаа болохоор тэр болгон олон хүнд хүрч чадахгүй байх шиг. Жишээ нь: Банжиг-ийн блогчид (gogo-ийнхэн, blogspot-ийнхон, wordpress-ийнхэн ч ялгаагүй) гэхэд ихэнх нь яг л дотроо бие биентэйгээ харьцаад бусад сайт-д байгаа блогчидтойгоо тогтмол харьцаж чадахгүй байгаа юм уу гэж санагдаад байна. Хэрэв та бид нэгдсэн нэг сүлжээтэй болчвол бие биенээ илүү таниад мөн дээр хэлсэн давуу талуудаа ашиглаад олныг хамарсан, өргөн цар хүрээтэй үйл ажиллагаа явуулж болох юм. Аан тийм хэрэв танд энэ санаа таалагдсан бол өөрийн таньдаг блогчин андууддаа уламжлаарай.

Монголын блогчид маш олон болох болтугай!!!

Sunday, March 2, 2008

Их түүх өгүүлсэн өөдөсхөн бор цаас

Өнөөдөр та бүхэндээ нэгэн сонирхолтой зургын цуглуулгыг толилуулахаар зэхлээ. Эдгээр зурагнууд маань та бидний өдөр тутам хэрэглэдэг мөнгө гэгч тэр өөдөсхөн цаасны үе үеийн түүхийг харуулсан байгаа. Та бидний амьдралын салшгүй нэг хэсэг болж худалдаа, арилжаа хийх хамгийн гол хэрэгсэл болсоор ирсэн энэ алгын чинээхэн үрчгэр бор цаас бидний зөвхөн хэрэглээг хангаад зогсохгүй мөн хажуугаар нь маш их түүхийг өгүүлж, бидний туулж өнгөрөөсөн он жилүүдийн тэр сайхан гэгээн дурсамжийг дотроо шингээсэн байдаг юм шиг санагддаг. Сая эдгээр цомгоо бэлдэж суухад сэтгэл их хөдлөж, яг л өнгөрсөн үедээ эргээд очсон юм шиг насан багийн маань дурсамж хөврөөд сайхан байлаа. Мөн зарим хуучин дэвсгэртүүд нь та бидний өвөө эмээгийн маань гар дээр байсан гэж бодохоор цаанаа л нэг дотно санагдах юм . За олон зүйл нуршаад яахав та аяндаа өөрөө үзээд мэдрэнэ гэдэгт би итгэж байна. Зургаа тухлан сууж таалан соёрхоно уу

1924-1966 оны хооронд гаргасан Монгол улсын мөнгөн дэвсгэртүүд (1 хэсэг)


Цомгоо уг нь нэг болгоод тавьчихая гэсэн чинь болдоггүй юм байна. 50-аас дээш зураг багтдаггүй гэнэ. Тэгэхээр нь оны дарааллаар нь 2 хэсэг болгоод тавьчихлаа. Дараа олон зураг оруулдаг сайт олвол нэг бүлэг болгоод багцлаад тавьнаа. Аан тийм нээрээ нэг зүйл сануулахад: Хэрэв та миний блогийг Google Reader-ээр уншдаг бол энэ бичлэгт хавсаргасан зургийн цомог маань гарахгүй байх. Тэгэхээр та доорх линкээр орж тус тусд нь үзээрэй!

1966-2006 оны хооронд гаргасан Монгол улсын мөнгөн дэвсгэртүүд (2 хэсэг)


Сонирхуулж хэлэхэд эндгээр цомгийг би Slide.com дээр бэлдсэн юм шүү. Хэрэв танд таалагдаж байгаа бол энд дараад орж бүртгүүлээрэй. Эхлээд заавал бүртгүүлэх хэрэгтэй байдаг. Нэг их хэцүү зүйл байхгүй бараг алхам алхмаар нь зааварчлаад өгсөн байгаа. За энэхүү бичлэг маань таны алжаалыг багахан ч гэсэн тайлсан байх гэж найдаж байна.

Өнгөрснөө дурсахад зураг л тус болдог болохоор андууд минь болж л өгвөл мөч болгоноо цаасан дээр буулгаж байгаарай!