Wednesday, January 23, 2008

Цэгмээ хаагуур юу хийгээд явнаа ?

Бичлэг оруулалгүй яасан их удчихваа. Өдөр тутмынхаа амьдралд мунгинаж явсаар байтал нэг мэдэхэд 2 долоо хоног өнгөрчихсөн байх юм. Хичээл маань энэ долоо хоногоос эхлэж байна. Энэ семестер 3 хичээл (Management Concepts, Marketing Management, Financial Management) авч байгаа. Нэлээн л ачаалалтай болох юм шиг байна. Ганцхан хичээлдээ явдаг байсан бол сайхан л байхсан. Даанч тийм боломж олгохгүй хажуугаар нь ажил хийж амьдрал ахуйгаа залгуулахгүй бол болохгүйнээ. Одоохондоо нэг ажилтай байгаа болохоор мөнгөний хүрэлцээ тааруу байна. Дахиж нэг ажил нэмж хийхгүй бол хэцүүдэх шинжтэй. Зарим хүмүүс маань яагаад нэг ажил хангалтгүй байдаг юм гэж асууж магадгүй. Уг нь гайгүй өндөр цалинтай нэг ажилтай байхад под хийгэээд л явчих юм л даа. Харамсалтай нь санасны зоргоор болдоггүй хорвоо юмдаа. Одоо ажиллаж байгаа ажил маань цалин багатай болохоор байр, унаа, хоол унд, сургалтын төлбөр энэ тэр гээд л дуусчих болтой. Энэ оронд оюутан хүн мөнгө хуримтлуулна гэдэг их л ярьвигтай эд юмаа. 2 ажил хийж л хэдэн ногоон цааш нь хийж авахгүй бол нэг мэдэхэд л нутаг буцах цаг болсон байхвий. Нутагтаа ганзага хоосон очвол хэцүү л амьдрал угтана даа. Аан тийм нээрээ ойрын хэдэн хоног монгол мэдээгээ үзсэн чинь энэ байрны үнэ нээрээ дэндүү гэхэд арай дэндүү нэмэгджээ. Мань мэт шиг залуу хүмүүст бол мөрөөдхийн ч хэрэггүй болж байх шиг. Уг нь энд байхдаа Монголдоо орон сууц зээлээр аваад зээл, зээлийн хүүг нь эндээсээ төлж байя гэж бодсон ийм өндөр үнэтэй болчихоор чинь яах билээ дээ. (уурлав) За яваандаа буух байх л гэж найдахаас даа. Одоо жоохон өөр гэгээлэг зүйл яръяаа.
Цэгмээгийн видео цуглуулга
Хэдий бичлэг оруулах завгүй байсан ч дуу, видеоны цуглуулга маань байнга шинэчлэгдэж байсныг та анзаарсан бизээ. Огт шинэчлээгүй байвал блогоор минь зочилж байгаа хүмүүсийн урам нь хугарах байх гэж бодоод аль болох шинэ содон видео, дуу оруулж байхыг хичээсэн билээ. Товч тоймлон хүргэвэл:
1. Даваагийн Бямбасүрэн-гийн Германы уран бүтээлчидтэй хамтран бүтээсэн The story of weeping camel, The cave of the yellow dog орууллаа. Дээрх 2 кино маань Шилдэг баримтат киноны төрлөөр оскарын шагналд нэр дэвшиж байсан юм. (Кино маань streaming видео болохоор таны компьютерын чадал, интернет хурдаас чинь шалтгаалж татаж хурд мөн гацах эсэх нь тодорхойлогдоно. Хэрэв гацаад байвал киногоо эхлүүлээд паузлаад өөр ажил байвал хийж байгаад тодорхой хугацааны дараа дахин тоглуулбал зүгээр гарна.)
2. Орост нэлээн нэрд гарсан Война, 9 рота, Сволочи, Ночной дозор гэх мэд кинонуудыг нэмлээ.
3. 2007 оны Оскар, Голден Глоб, MTV Music Awards зэрэг шагнал гардуулах еслолын ажиллагаанууд
4. Би бас нэг сонирхолтой хоббитой болоод байгаа. Юу вэ гэвэл Монголын маань тухай эсвэл бидний ахуй амьдрал, түүхэн хүмүүсийн талаар өгүүлсэн гадаадын баримтат, уран сайхны кинонууд цуглуулдаг болоод байгаа. (Жишээ нь ББС-ийн бүтээсэн Genghis Khan, History channel-аас бүтээсэн Barbarians: The Mongols, Sergei Bodrov "Mongol" гэх мэтийг оруулсан.) Биднийг гадныхан юу гэж дүгнэдгийг харахад их сонирхолтой байдаг юм.
5. Монголчуудын маань танил болсон Солонгосын олон ангит Full House сериал англи хэл дээр транскрипттэй.Бүх ангийг нь үзэхийг хүсвэл та go to google гэдэг (видео дэлгэцний баруун доод буланд байгаа) дээр дарж үндсэн сайт руу ороод дээр нь эсвэл баруун талд нь байгаа ангиудыг сонгоод үзээрэй. Би зөвхөн нэгдүгээр ангийг нь поддоо орууллаа. Бүгдийг нь оруулна гэвэл замбараагүй юм болох байх. Цаашдаа таалагдсан солонгос кинонууд оруулж байнаа. Жишээ нь My lovely Sam Soon сериал надад их таалагдсан. Хахаха гол дүрийн эмэгтэйг харахаар л татаж унаад байдаг юм. Одоо энд бичингүүт ч гэсэн төсөөлөөд инээж байна. Би бас зөвхөн нэгдүгээр ангийг нь поддоо орууллаа. Бүх ангийг нь хаанаас үзэхийг хараахан олоогүй л байна. Та ямар кино үзэхийг хүсэж байна бичээрэй. Би хайгаад үзэж болох юм.
Tsegmee's music collection
Сүүлийн хэд хоног сонссон дуунууд гэвэл голчлон монгол дуунууд байлаа. Тиймдээ ч цуглуулгандаа таалагдсан клипүүдээ оруулсан юм. Хэрэв та Монголдоо байгаа бол зарим клипүүд маань дээр үеийн байж магадгүй шүү. Яг тогтсон, байнга шинэчлэгддэг сайт эсвэл цуглуулга байдаггүй болохоор замд таарснаа л сонсож явна. Монгол залуучууд маань нэг үеээ бодвол интернет гэдэг зүйлийг овоо ашигладаг болжээ. Гэхдээ одоо болтол энэ агуу сүлжээг тогтмол хэрэглэдэг хүн цөөхөн болохоор вэбээ шинэчлэх, шинэ видео оруулах зэрэг дээрээ маруухан л байна. Мэйлээ шалгах, мэдээ унших, дуу сонсох, чатлах гэх мэт хэдхэн үйлдлээр хязгаарлагдаад байх шиг.
За өнөөдөртөө ингээд бичлэгээ өндөрлөе. Та бүхэн санал сэтгэгдлээ чөлөөтэй хуваалцаж байгаарай.

Гадаадад сурж байгаа бүх оюутнууддаа сурлагын өндөр амжилт хүсье!


Read more...

Wednesday, January 9, 2008

Outsourcing in Mongolia

Өнөөдөр та бүхэнтэйгээ нэгэн сонирхолтой сэдвээр ярилцаж санаа бодлоо солилцое гэж бодлоо. Өнөөдрийн сэдэвт Монголд аутсорсингийн (outsourcing) салбарыг хөгжүүлэх боломж байгаа юу? гэсэн асуултанд хариулт олохыг зорьж энэ сэдвээр өөрийнхөө санал бодлыг толилуулахыг хичээлээ. Би уг нь энэ сэдвээр нэг бичлэг оруулая гэж бодоод л яваад байдаг юм. Яагаад ч юм тохироо нь бүрдэхгүй байсаар байгаад өдий хүрчлээ. Өнөөдөр харин их олзуурхууштай үйл явдал болж намайг энэ сэдвээр бичлэг оруулахад их дэм болж өглөө. Амралтын өдөр тохиосных ямар ч л байсан нэг бичлэг блогдоо оруулна даа гэж бодоод бичлэгийнхээ сэдвийг хайгаад интернетээр тэнүүчилж явтал хэдэн сонирхолтой видео оллоо шүү.

1. "30 days outsourcing in India" гэсэн нэртэй нэвтүүлэг бөгөөд нэгэн Компьютерийн программч мэргэжилтэй Америк залуу outsourcing гэдэг зүйлээс болж ажлаасаа халагдана. Өөрийнхөө ажлыг эргүүлж авахын төлөө бас ямар хүмүүс ажлыг нь булааж байгаа талаар дэлгэрэнгүй мэдээлэл цуглуулахаар Энэтхэг явж тэнд амьдарсан 30 хоногынхоо талаар өгүүлж байгаа юм. (Энэ видеог би өөөрийн водподдоо хийсэн байгаа. Та сонирхвол http://tsegmeemovie.vodpod.com/ руу ороод эсвэл энэ баруун талд байгаа видео цонхноос олоод үзээрэй. Олон хүн үзээсэй гэсэн үүднээс мөн энэ бичлэгдээ ч гэсэн тус видео давхар орууллаа. Аль өөртөө тохиромжтойг нь сонгоод үзээрэй.)


2. Discovery Channel-aaс гаргасан "The other side of outsourcing" - бас л Энэтхэгийн outsourcing-ийн салбарын талаар мөн энэ шинэ салбарын хөгжил жирийн энэтхэгчүүдийн амьдрал яаж нөлөөлж байгаа талаар маш сонирхолтой мэдээллүүд харуулсан нэвтрүүлэг юм. (Энэ видеог би өөөрийн водподдоо хийсэн байгаа. Та сонирхвол http://tsegmeemovie.vodpod.com/ руу ороод эсвэл энэ баруун талд байгаа видео цонхноос олоод үзээрэй. Олон хүн үзээсэй гэсэн үүднээс мөн энэ бичлэгдээ ч гэсэн тус видео давхар орууллаа. Аль өөртөө тохиромжтойг нь сонгоод үзээрэй.) Эдгээр нэвтрүүлгүүдийг үзээд ер нь яагаад монголд outsourcing-ийн салбарыг хөгжүүлж болохгүй гэж ? гэсэн бодол толгойд орж ирж энэ сэдвээрээ та бүхэнтэйгээ санаа бодлоо хуваалцая гэж бодоод энэ бичлэгээ орууллаа.


Уг нь манай монголчуудын чихэнд нэлээд хэдэн жилийн өмнөөс л энэ аутсорсинг гэдэг нэр томьёо сонсогдож эхэлсэн билээ. Зарим нэгэн улс төрчдийн амнаас энэхүү үг нэлээд л олон гарах боллоо. Тэр дундаа Зандаахүүгийн Энхболд бол анх энэ аутсорсингийн талаар ярьж эхэлсэн хүн гэж хэлж болох юм. Хачирхалтай нь одоо болтол дорвитой арга хэмжээ авсан юм алга. Арга хэмжээ аваагүй ч гэждээ зайлуул юм хийж л байгаа байх л даа, хүчин мөхөсдөөд байгаа юу, дэмжих хүмүүс цөөн байна уу лав л бидний нүдэнд харагдаж гарт баригдах зүйл одоогоор алга л байна.
Баахан л аутсорсинг гээд яриад байдаг ер нь энэ юу гэсэн үг юм бэ ?
Outsourcing гэдэг нь энгийн үгээр бол аль нэг байгууллага зардлаа багасгах үүднээс гадны орноос интернэт, цахилгаан холбоогоор дамжуулан хямд ажиллах хүч хөлсөлж байгааг хэлж байгаа юм. Өөрөөр хэлэх юм бол та бараг эх орондоо бүүр цаашлах юм бол гэртээ сууж байгаад л гадаадын компанид ажил хийж болно гэсэн үг. Өнөөдөр дэлхийд энэхүү аутсорсингоор хамгийн их ашиг, амжилт олж түүнийгээ дагаад иргэдийнх нь амжиргаа нь хурдацтай дээшилж байгаа улс бол яах аргагүй Энэтхэг улс юм. Хэрэв та Энэтхэгийн аут сорсингийн талаар дэлгэрэнгүй мэдээлэл авахыг хүсвэл энд дарж (Outsourcing in India -from wiki) үзээрэй. Хэрэв та аутсорсингийн чиглэлээр хамгийн их ашиг олж байгаа компаниудын жагсаалтыг харая гэвэл энд дарна уу. Салбартаа хамгийн хүчирхэгт тооцогдох Microsoft, IBM, American Express, АОL, Siemens, Тоshiba, Sony, гэх мэт том компаниуд Энэтхэг, Филиппин зэрэг улсуудаас ажиллах хүч авах сонирхол өдөр ирэх тусам нэмэгдсээр л байна.
Юу ингэж энэ улсуудруу татаад байна вэ? гэхээр Хямд Ажиллах хүч. Жишээ аваад үзэе л дээ. Дундаж америк ажилчинд цагт 15 доллар төлж байна гэж төсөөлөе, тэгэхэд Энэтхэгт яг энэ хүнтэй адилхан ажлын бүтээмжтэй, чадвартай хүн 2 доллараар ажиллах сонирхолтой байна. Ингэхээр компаниуд зардлаа багасгаж ашигаа нэмэгдүүлэх зорилгоор америкчуудаа цомхотгож оронд энэтхэгээс ажилчин авах сонирхолтой болж байгаа юм. Хэрэв манай залуучууд англи хэлнийхээ мэдлэгийг маш эрчимтэй дээшлүүлээд Outsourcing хийх боломжтой мэргэжлээр боловсрол эзэмшиж чадах юм бол энэ том хөдөлмөрийн зах зээлээс өндөр цалинтай ажил олох боломж маш их байна. Энэ их том гүрнүүд л гэхэд аутсорсингоос сая саяаар ажлын байр олж байхад манай монголчуудад бол уг нь хэдхэн мянга л байхад улсад маань маш их том дэвшилт авчрах юм.
Ямар ажил аутсорсингоор хийх боломжтой вэ ?
Tехник технологи хөгжсөн өнөө үед бол бараг ямар ч ажлыг хийх боломжтой болчихсон байна дөө. Өдөр ирэх тусам л шинэ шинэ ажлын байрууд үүсч байна.
Өнөөдрийн байдлаар энэхүү аутсорсингийг хамгийн их өргөн хэрэглэж байгаа салбарууд гэвэл:
  • call center,(телемаркетинг - telemarketing)
  • customer service, customer support center (хэрэглэчийн үйлчилгээний газар),
  • information technology (мэдээллийн технологи),
  • хүний нөөц (human resource),
  • бизнес судалгаа (business research, marketing research), гэх мэт маш олон салбар нэрлэж болноо.
Хамгийн их өргөн тархсан ажил гэвэл:
  1. бүх төрлийн компьютерийн мэргэжилтэн, (computer programmer, web designer, computer engineer, animation, gaming industry)
  2. харилцагчийн үйлчилгээний ажилтан, (customer call representative, online customer chat representative, customer service manager, phone operator)
  3. бүх төрлийн, бүх салбарын инженер
  4. бизнес, маркетингийн ажилтан (business analyst, researcher, manager,)
  5. хуульч гэх мэт (lawyer, adviser, consulting officer)
Үүгээр ч зогсохгүй маш олон төрлийн мэргэжлүүдийг дурдаж болно. Сонсохнээ зарим монгол залуучууд маань аль хэдийн энэ аутсорсингийн үр шимийг хүртэж гадаадын томоохон компаниудад монголоосоо ажиллаж байгаа гэнэ шүү. Ялангуяа компьютерийн мэргэжилтэй залуус. Харин харилцагчийн үйлчилгээний чиглэлээр бол сонсогдоогүй. Уг нь энэ чиглэлийн ажлыг монголд хэрэгжүүлбэл олон хүнийг хамруулах боломж ихтэй байгаа юмдаа. Яагаад гэхээр энэ ажил маань нэг их нарийн мэргэжил шаардаад байх юм байхгүй. Хамгийн гол нь англи хэлээр чөлөөтэй ярьж байхад болж байгаа юм.

Үргэлжлэл бий...


Read more...

Thursday, January 3, 2008

Жизнь только начинается

Та бүхэн шинэ жилээ нижгэр тэмдэглэсэн биздээ ? Одоо ч бүгдээрээ шинэ ондоо улам их эрч хүчтэй байж хүссэн бүхнээ хамаж зорьсон бүхнээ ташраар нь биелүүлж өгнө дөө. Надад ч энэ онд төлөвлөсөн зүйл их л байна. Одоохондоо бол баярын уур амьсгал гараагүй ч юм уу нэг ажлаасаа амарч байгааг ч хэлэх үү он гарснаас хойш миний хийсэн юм бүтээсэн зүйл гэвэл жаал шинэ жилийн баярын концерт, кино, видео бичлэгүүд үзэж алжаалаа тайлж, дутуугаа нөхөж өөрийгөө зугаацууллаа. Өмнөх бичлэгтээ нээрээ блогоо гацуур модоо болгоод видеонуудаа тоглоомоо болгоод нүсэр том баярын гацуур босгон гэснээс хойш үнэхээр сонирхолтой шоу, кино, концертуудаар тасарсангүй естой л үзэж амжаагүй, үзэх юмсан гэж байсан бичлэгүүдээр хур бороо орж байна аа. Бүүр дийлдэхээ байлаа. Видео цуглуулгандаа дахиж нэг ангилал үүсгээд тэндээ амьд концерт, шоуны бүрэн бичлэгүүдээ хийж байдаг юм уу ч гэж бодох боллоо.За явцдаа байдал ажиглагдах байлгүй гэж бодоод одоо харин дууны, киноны поддоо ямар ямар бичлэгүүд нэмсэн талаар товч тоймлон хүргэе.
My music collection:
1. 2008 оны шинэ жилийн шөнө оросын үндэсний ТВ-ээр гарсан баярын концерт
2. Оросын хамгийн том хөгжмийн суваг болох МузТВ-ийн 2007 оны шилдгүүдээ шалгаруулсан Амьд концертыг Оросын хамгийн том болох Олимпийский цэнгэлдэх хүрээлэнгээс шууд (Pussy cat dolls, Кристина Агиллера нар оролцсон байна лээ )
3. Оросын ОРТ сувгаар гарч байгаа "Две Звезды" хөгжмийн шоу. (Одууд хос хосоороо дуулдаг тэмцээн сонирхолтой шүү.)
4. Финляндын симфоник метал рок Nightwish хамтлагийн 2006 онд болсон End of an Era амьд тоглолт бүрэн эхээр (Естой амьд тоглолт гэж ийм л байдаг байх)
За тэгээд эдгээрээс гадна маш олон видеонуудыг оруулсан шүү. Та миний бүх music collection үзэхийг хүсвэл tsegmee.vodpod.com ороод үзээрэй эсвэл дээр байрлах видео цонхны дээр байгаа see all videos гэсэн дээр дараад ороорой.
My movie collection:
1. Десмонд Моррис гэгч алдартай амьтан судлаач хүний бүтээсэн тус бүр 6 ангит The Human Animal, The Human Sexes баримтат кино (Хүнийг амьтан гэдэг утгаар нь ажиглаж ямар зан характертай, ямар үйл хөдлөл, хэл яриа ашиглаж байна, нөхөн үржихүй, эр эм 2 хүйстний ялгаа, ахуй амьдралын талаар маш тодорхой бөгөөд бидний анзаардаггүй зүйлүүдийг, бүүр ярихаас ч эмээдэг зүйлүүдийг нуулгүй дэлгэн харуулснаараа их сонирхолтой болсон бүтээл юм.)
2. Оросын ОРТ-ийн "Цирк со звёздами" шоу (одуудыг оролцуулж циркийн үзүүлбэр үзүүлдэг тэмцээн)
3. Клуб весёлых и находчивых (КВН) 2007 оны финал тоглолт.
За тэгээд бусад олон олон сонирхолтой баримтат кино, инээдмийн нэвтрүүлэг, зэргийг нэмсэн байгаа шүү. Завтай үедээ энд дарж ороод томруулж эсвэл энэ доор байгаа цуглуулгаас шууд үзэж алжаалаа тайлаарай. Би ч гэсэн заримыг нь үзэж амжаагүй л явна. Нэг бичлэг нь гэхэд бараг 1,2 цаг байгаа, тэгэхээр нэлээн их хугацаа орно шүү. Орой ажлаасаа ирээд нэгийг үзээд маргааш нөгөөг нь үзээд байвал сайхан амралт болно доо. Хүн ер нь хэдий завгүй их ачаалалтай байсан ч гэсэн өдөрт заавал тодорхой хэмжээний зав гаргаж сонирхолтой, дуртай зүйлээ хийж алжаалаа тайлж байх нь их чухал гэж би боддог шүү. Бидний амьдрах хугацаа өдөр өдрөөр багасаар л байна. Яг одоо энд бичиж байгаа зүйл гэхэд хормын дараа л өнгөрсөн болоод л явчихаж байгаа юм. Тэгэхээр андууд минь болж л өгвөл агшин бүрийг аз жаргалтай өнгөрөөж байхыг хичээж байгаарай.


Read more...