САЙХАН СЭТГЭЛ
(ӨНӨӨДӨР)
Өмнөх ярианууддаа сайхан сэтгэлийн тухай, өөдрөг сэтгэлийн талаар цөөнгүй удаа дурдсанаа эргэн саналаа. Өнөөдөр хүүхэд залуус Та нарт ариун сайхан сэтгэлийн тухай дагнаж ярина.“Сэтгэл ариун бол юу хийсэн, юу хэлсэн чинь Танд баясгалан жаргалан авч ирюу. Тэр баясгалан жаргалан Таныг сүүдэр мэт дагаюу” гэж агуу их гүн ухаантан хэлсэн. Ариун сэтгэлтэй хүн аз жаргалтай байх нь ээ. Ариун сэтгэлтний аз жаргал зуурдын учрал мэт үзэгдээд өнгөрдөггүй, үүрдийн дагуул болон баясгалан жаргалангаа сацруулсаар сүүдэр мэт тантай нөхөрлөнө.
“Баян ч бай, хоосон ч бай боловсролтой ч бай, боловсролгүй бай, үндэс угсаа, арьсны өнгө, нийгмийн байдал, баримталдаг суртал ямар ч бай бидний энэ яваа насны зорилго бол жаргалтай байх” хэмээн Дээрхийн гэгээнтэн айлджээ. Ариун сайхан сэтгэл нь аз жаргалын үүдийг нээгч шидэт түлхүүр мөн аж. Сайхан сэтгэлт, хайр хоёр ооны хоёр эвэр шиг хамтдаа байх язгуур тавилантай. Зөвхөн сайхан сэтгэлээс л жинхэнэ хайр үүснэ. Хайр өөрөө сайхан сэтгэл мөнхөд цэцэглэх шимт хөрс. Сэтгэл муутнаас сиймхий ч болов хайр гэрэлтэнэ гэж бүү хүлээ.
Эхийн сүү шиг цагаан сэтгэл гэж монголчууд ярьдаг. Эх хүн үрээ хайрлахаас илүү гарах нандин нинжин хайр гэж тоост орчлонд бий юу? Үрдээ хөхүүлж буй эхийн сүү шиг цэвэр ариун эрдэнэтэй эгнэж зүйрлэх зүйлсийн нэрийг олоод хэл дээ! Эхийн сүү шиг цагаан сэтгэлээс ариун нандин хайр ширгэшгүй ундрах нүдэн булгийн ус шиг бургилан буцлан байдаг авай. Сайхан сэтгэл хүний сэтгэл зүрхний гүнд, далд орших бөлгөө. Сайхан сэтгэл гэдэг нь үнэр амт, өнгө зүс, дуу чимээгүй болохоор хүний үйлдлээр илэрч, цаг хугацаагаар танигддаг болой. Үг хэл хэчнээн цэцэн цэлмэг байгаад сайхан сэтгэлийг бүрэн гүйцэд илэрхийлж эс чадна. Тийм ч болохоор нь “сайхан сэтгэл гэдэг бол хэлгүй хүмүүс ч ярьж чадах, дүлий хүмүүс ч сонсч чадах хэл юм” гэж зүйрлэдэг биз ээ.
”Ургаа хад салхинд эс ганхахын нэгэн агаараар ухаант хүмүүн сайлах болоод муулахад эс автагдму” гэдэг шиг сайхан сэтгэлтний ааш авир айзам тогтуун бөгөөд алаггүй тохилог төрхтэй. Хэдий тийм боловч сэтгэл л юм болохоор эмзэг булбарай, хэврэг зөөлөн байх нигууртай. “Сүү шиг сэтгэлийг ээдүүлж, тос шиг сэтгэлийг царцаав” гэж монголчуудын эрт үеэс хэлцэж ирсэн үг туйлын сургамжтай. Тэгэхээр сэтгэл хичнээн ариун сайхан байлаа ч ээджж, царцах шалтгаан үр дагавартай аж. Залуус та нар “салшгүй сайн нөхөртөө мартахгүй муу үг бүү хэл”, гомдоно.
Гомдол гэдэг нь сүү шиг сэтгэлийг ээдүүлж, тос шиг сэтгэлийг царцаах муу ёрыг зөгнөгч хорт нян байдгийг ухааруулан хэлж байгаа юм.Сайхан сэтгэл нарны алтан цацраг мэт мөнхөд дүрэлзэн асч байдаг жамтай. Хүүхэд залуус та нар сэтгэлийн галаа бүүдийлгэн бөхөөж бүдгэрүүлэн унтрааж болохгүй. Элч дөлийг нь бутраан бууруулахгүй, дүрсхийн дүрэлзүүлж явахыг хичээ. “Сэтгэлд гал байвал тулганд аргал хэзээд олддог юм”. Сурч мэдэн, хийж бүтээн, хүний дайтай хүн явахын тулд сэтгэлийн хатан тулгандаа аргал зэрэглэн өрдөж, сэтгэлийн галаа үргэлж асаалттай, мөнхөд бадрааж бай.
“Хүн гэдэг тусч нинжин сэтгэлтэй байх нь нэн чухал. .. Хэрэв та нинжин сэтгэл, сайхан сэтгэл гэсэн гол чанар бүхий бол боловсрол, чадвар зэрэг бусад зүйл зөв голдрилоороо байх болно” гэсэн сургаал үг хүүхэд залуус та нарын амьдралын замыг гийгүүлж байг. Тусч нинжин сэтгэл сайхан сэтгэлийн дотор нь оршдог юм.
Ариун сайхан сэтгэлтэн бусдыг сэтгэлийн зовлонд унаган тамладаггүй. Харин хүний төлөө өөрийгөө зовоодог тавилантай. Залуус та нар хамгийн ойрын хүмүүсээ сэтгэлийн зовлонд бүү унага! Яагаад гэвэл “Сэтгэлийн зовлон биеийн зовлонгоос илүү аюултай” байдаг.
Ертөнцөд нөхөж болох юм, болохгүй юм гэж бас байна аа. Бурхны дутаасныг нөхөж болдоггүй ээ гэдэг. Сэтгэлийн дутууг сэрж нөхөж болно. Учир нь тэнгэр бурхан бүх хүнд адил тэгш эрх чөлөө олгосон шигээ адил ижил сэтгэлийн тэнхээ хайрласан. Сэтгэлийн дутууг хүн өөрийн мухаг үйлдлээр бий болгодог. Сэтгэл дутвал хайр дутна. Сэтгэл дутсан юм бүхэн хэзээ ч төгс төгөлдөр болохгүй. Сэтгэлийн дутуугаар үйлдсэн бүхэн урт нас, удаан жаргалгүй. Ээлж өнгөрөөсөн, нүд хуурсан, оромдсон бүхэн сэтгэлийн дутуугаас эх угшилтай.
Сэтгэл дутсан бүхэн бусдад үнэлгээгүй, эзнээ баярлуулахгүй, сайнаар хэлэгдэхгүй, тоогдохгүй. Аливаад сэтгэлийн угаас хандаж сур. Амар биш байж магад, хичээвэл хүн бүр чадна. Ардын уран зохиолч Бавуугийн Лхагвасүрэн “Тамгагүй төр” жүжгээ “би энэ жүжгийг цусаараа бичсэн юм” гэж надад хэлж билээ. Сэтгэл зүрхээ бүрэн шингээж, махаан зулгааж, тамаа цайж байж туурвин бүтээснээ зүйрлэн хэлсэн үг байх аа. Сэтгэлээ бүрэн зориулж бичсэн зохиол бүтээл бусдын сэтгэлийг эзэмддэг ажээ.
Ариун сайхан сэтгэлт хүн бусдад мууг үйлдэх нь бүү хэл муу юм санадаггүй бодь сэтгэлтэн. Тэд өөрийн гэмийг өрөөл бусдаас биш өөрөөсөө эхлэн хайдаг байна. Ингэснээр өөрийн гэмийг бусдаас хайдаг хүн төрөлхтний нийтлэг нэгэн төөрөгдлөөс ангижирч чаддаг юм. “Гадна үзэмжээ хэвээр байлгаад дотоод сэтгэлээ өөрчил” гэсэн төвдийн цэцэн үг бий. “Хүн муухай хамартай болвч сайхан сэтгэлтэй байж болно”. Хамраа хэвээр байлгаад сэтгэлээ өөрчил. Дутуу сэтгэлээ гүйцээж, хорт сэтгэлээ засч байж хүн ариун сайхан сэтгэл рүү итгэлтэй зүглэн тэмүүлэх болно.
Хүн чамд муу байх тусам чи түүнд сайн бай гэж бидний ээжүүд сургадаг сан. Залуу байхад юу хэлж байгааг сайн ухаарахгүй мунхаглаж байлаа. Дайснаа ч болов хайрлах сайхан сэтгэлтэй бай гэсэн агуу том ардын гүн ухааныг тэд номлож байжээ. “Муу зүйл хийх нь таныг дайснаас тань дор болгоно. Өшөө хорслоо авах нь дайсантай тань ижил хэмжээнд аваачна.
Харин уучлах нь таныг түүнээс агуу болгоно...” Энэ бол Бенжамин Франклиний хэлсэн үг. Бидний ээжүүд хэлж захиж байсан үг түүнийхээс дутуу сонсогдож байна гэж үү...Залуу андууд минь гэрэлт ирээдүйд тэмүүлэх итгэлээ жиндүүлж бээрүүлэхгүй, сайхан сэтгэлийн гал дөлтэй амьдарцгаа!
Н.БАГАБАНДИ (2007.07.24)
(ӨНӨӨДӨР)

2 comments:
сайхан сэтгэлийн үзүүрт шар тос гэж сайхан сэтгэлийн үнэ цэнийг мэдээд байгаа хэрнээ яг тэгэж чаддаггүй учир нь өнөө үед чинь сайхан сэтгэлээр хандахаар өөрөө хордогдоод өөртөө зовлон хураах нь их байх бололтой
Sain baina uu,
Doorh hayagaar orj sonirhono uu,
http://mongolian-agloco.blogspot.com/
Bayarlalaa.
Post a Comment